ОНОН ГОЛЫН ТАХИЛГА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, усаа тахин шүтэх, гол мөрнийг сэргээх, лус савдгаа аргадах Онон голын тахилгыг билгийн тооллын XYII жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн хаврын адаг сарын iинийн хорин таван буюу 04 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Уул сумын нутаг, Ульхан уулын зүүн урд "Битүүгийн адаг"-т амжилттай зохион байгууллаа. Тахилгад Улаанбаатар хот, Дорнод аймаг, хөрш зэргэлдээ Дадал, Цагаан-Овоо, Баяндун сумдын удирдлагууд, иргэд нийт 600 гаруй хүн оролцлоо.
Тахилгын нээлтийг сумын Засаг дарга Х.Баттулга нээж, Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Данриг Данжайлин хийдийн Тамгын дарга Д.Амгаланбат нар хуран цугласан сүсэгтэн олонд тахилгын талаар мэдээлэл өглөө.
Онон голын тахилгын уншлагыг Данриг Данжайлин хийдийн лам нар, Санчинбалбарлин хийдийн лам нар уншиж тахилгын зан үйлийг гүйцэтгэж, Онон голын эрэгт овоо босголоо.
Аймгийн Хөгжимт драмын театрын дуучид, Баян-Уул сумын ардын авъяастанууд, Буриад ёс заншлын дугуйлангийн сурагчид урлагийн тоглолтоор хурсан олноо баясгалаа. мөн Онон голын тахилгын хүрээнд Дорнод аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан Эссэ бичлэг, гар зураг, шүлгийн уралдаанд шалгарсан сурагчдын шагналыг гардууллаа. Арга хэмжээний хүрээнд 90 дээш настай өндөр настангууд, 0-10 насны хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.
Бөхийн барилдааныг өсвөрийн, цолтой болон цолгүй бөхчүүдийн барилдаан зохион байгууллаа. Цолтой болон цолгүй бөхчүүдийн барилдаанд аймаг, сумын цолтой болон цолгүй 24 бөх барилдаж Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, аймгийн арслан Г.Төрмөнх түрүүлж, Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат, аймгийн харцага Э.Мөнхзоригт үзүүрлэж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харъяат аймгийн заан н.Анхбаатар шөвгөрлөө. Хүүхдийн барилдаанд Цагаан-Овоо сумын ЕБС-ийн бөх н.Өсөх-Ирээдүй түрүүлж, Баян-Уул сумын ЕБС-ийн бөх Г.Төрбат үзүүрлэж, Баян-Уул сумын ЕБС-ийн бөх Э.Сэрдамба, Б.Сүхболд, тусгай байранд Баян-Уул сумын ЕБС-ийн бөх Б.Баянжаргал нар шалгарлаа.
Тахилгын зохион байгуулалтанд хамтран ажилласан Дорнод аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн Цагдаагийн газар, Данриг Данжайлин хийд, сумын Цагдаагийн тасаг, Гал түймэр унтраах аврах 53 дугаар анги, Улз сав газрын хамгаалалтын захиргааны хамт олонд тус тус талархал илэрхийлье.
.jpg)




Мэдээ оруулсан: 2019-04-29 19:12:14