ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Дорнод аймгийн Баян –Уул сумын “Төлчин эмэгтэйчүүдийн 10 дугаар чуулга уулзалт амжилттай зохион байгууллаа.

       Төлчин эмэгтэйчүүдийн 10 дугаар чуулга уулзалтыг 2018 оны 03 сарын 08–ны өдөр Бэрх багийн ИНХ, эмэгтэйчүүдийн зөвлөл, ЗДТГ, сумын эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулав. Чуулга уулзалтанд Дорнод аймгийн Улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга н.Сарантулга, арга зүйч н.Энхмаа, н.Жавхлантөгс нар урилгаар оролцов. Чуулга уулзалтанд нийт 6 багийн 151 төлчин эмэгтэй оролцож 9-р чуулга уулзалтаар нийт эмэгтэйчүүдэд уриалсан уриалгыг дүгнэж дараа жил хэрэгжүүлэх уриалгыг гаргаж санал нэгтэй батлан өөрсдийн санал бодлоо илэрхийлэв. Чуулга уулзалтаар Дорнод аймгийн  Улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Сарантулга, арга зүйч Энхмаа, Жавхлантөгс нар  Улаанзагалмайн байгууллагын үйл ажиллагаа танилцуулж “Аз жаргал” сэдэвт лекц, сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Доржханд “Нийгмийн даатгалын хуулинд орсон өөрчлөлт”, сумын их  эмч Б.Дэлгэрмаа “Эрүүл хооллолт”, “ Малчдад өгөх зөвлөгөө”, ЕБС ийн захирал Н.Мөнхжаргал "Сургуулийн танилцуулга”, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баяр "Мал эмнэлэг үржлийн тасгийн мэдээлэл",  эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ж.Ичинхорлоо “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвүүдээр тус тус сургалт, мэдээллүүдийг хийв.

            4-р багийн ИНХ –ын тэргүүлэгч Л.Гантулга, Б. Батболд нар төлчдийн  дунд “Чанга чивнээ”  тэмцээн явуулахад 1-р багийн Б.Батчимэг, Д.Мөнхцэцэг нар тэргүүн байр эзлэв. 4-р багийн залуу гэр бүлийн “Миний ээж хөөрхөн” урлагийн тоглолт, цэнгээнт бүжиг боллоо. 

            Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн холбооны “Шилдэг төлчин” тэмдгээр 2-р багийн малчин Архивын Юмжав, Дугарсүрэнгийн Янжмаа нар, Монголын Улаан загалмайн хүндэт тэмдгээр ахмад эмч Г.Лхам, бага эмч Г.Шүрэнтуяа,4-р багийн хэсгийн ахлагч Б.Ганчимэг, НАЭХолбооны нийгмийн зүтгэлтэн тэмдгээр Б.Ганчимэг нар тус тус шагнагдав. Жил бүр уламжлан болон шалгаруулдаг алтан төлийн эздээр дараах төлчид шагнагдав. Үүнд: “Алтан хурганы эзэн”  Харчулуут багийн төлчин Г.Гандолгор, "Алтан ботгоны эзэн” Харчулуут багийн төлчин Ц. Чулуунцэцэг, “Алтан тугалын эзэн” Урт багийн төлчин Д.Даваасүрэн, “Алтан ишигний эзэн”—р багийн төлчин Р.Санжид, “Алтан унаганы эзэн” Заяат багийн төлчин Д.Баярмаа нар шалгарч өргөмжлөл, тууз, багийн хамт олны гарын бэлгээр шагнуулав. Төлчин эмэгтэйчүүдийн чуулганы төгсгөлд 9-р чуулга уулзалтын уриалгын биелэлтийг үзүүлэлт бүрээр чуулганы төлөөлөгчдийн оролцоотой үнэлэхэд: Үнэлгээнд оролцсон 100 төлөөлөгчөөс:

  1. Бүсгүйчүүд бид  өөртөө итгэлтэй, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрч, үгээрээ үлгэрлэн дагуулсан өрх гэр, оюунлаг хөвгүүд охидыг өсгөн хүмүүжүүлье.( 100 төлөөлөгчөөс  75 төлөөлөгч хангалттай буюу 75% гүйцэтгэлтэй.)
  2.  Айл саахалт, удирдлагын хамтын ажиллагааг сайжруулъя. ( 100 төлөөлөгчөөс  67 төлөөлөгч хангалттай буюу 67%гүйцэтгэлтэй.)
  3. Өрх бүр ардын өв уламжлалаа сэргээж  дээс томох, сур элдэх,  мах, сүү цагаан идээ боловсруулан хуримлалтай болцгооё. ( 100 төлөөлөгчөөс  45 төлөөлөгч хангалттай буюу 45%гүйцэтгэлтэй.)
  4. Эмэгтэйчүүд  бид жилдээ нэг мод таръя.( 100 төлөөлөгчөөс  30 төлөөлөгч хангалттай буюу 30%гүйцэтгэлтэй.)
  5. Өрх бүр хогийн цэгтэй болж  хоггүй орчныг бүрдүүлье. .( 100 төлөөлөгчөөс  53 төлөөлөгч хангалттай буюу 53%гүйцэтгэлтэй.)
  6. Баг бүр архи уудаг 1- 2  эмэгтэйчүүдийг нийтийг хамарсан ажил үйлчилгээнд хамруулж үр дүнд хүрсэн байх.( 100 төлөөлөгчөөс  0 төлөөлөгч хангалттай буюу 0%гүйцэтгэлтэй.)
  7.  Нийт малчдын 80- аас дээш хувь нь отор хийе.( 100 төлөөлөгчөөс  17 төлөөлөгч хангалттай буюу 17%гүйцэтгэлтэй.)
  8.  Баг бүр 1 бүтээлч ажил хийж үр дүнд хүрсэн байх .( 100 төлөөлөгчөөс  100 төлөөлөгч хангалттай буюу 100%гүйцэтгэлтэй.)үнэлгээ авч  баг бүрийн бүтээлч ажлуудыг хамт олондоо танилцуулав.

 Уриалгыг хэрэгжүүлсэн явцын үнэлгээний үр дүнгээр 608 оноо авч   60,8% гэж үнэлэгдсэн. Уриалгыг хэрэгжүүлэх ажлыг баг бүр санаачлагатай хэрэгжүүлж байгаа гэж үнэлээд  дараа жил хэрэгжүүлэх уриалгын төслийг хэлэлцэж батлав.

ДОРНОД АЙМГИЙН БАЯН –УУЛ СУМЫН ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН

АРАВ ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН СЭТГЭЛ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА

Дээд  тэнгэрээс заяатай төрсөн, тэнгэр язгуурт, дээдэс заяат үе үеийн хүчирхэг хаадыг төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн ухаант хатан ӨЭЛҮН эхийн өлгий нутгийн төлчин эмэгтэйчүүдийн 10  - р чуулга уулзалтанд  оролцогч 151 бүсгүйчүүд бид өөртөө итгэлтэй, зоригтой золбоотой, аливаа  ажлыг санаачлагч, зохион байгуулагчдыг дэмжиж өөрийн агуу их хувь заяаны эзэн байхын төлөө нийт бүсгүйчүүд, ах дүү нартаа хандсан  СЭТГЭЛ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА уриалгаа сонордуулан хүргэж байна.

  1. Бүсгүйчүүд бид  өөртөө итгэлтэй, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрч, үгээрээ үлгэрлэн дагуулсан өрх гэрийг бүтээж,ухаалаг оюунлаг хөвгүүд охидыг өсгөн хүмүүжүүлье.

       2.  Өрх бүр хуримлалтай болцгооё.

        3. Эмэгтэйчүүд  бид жилдээ нэг мод таръя

       4. Баг бүр 1 бүтээлч ажил хийж үр дүнд хүрсэн байх

5. Баг бүр урлаг, спортыг хөгжүүлэхэд үлгэрлэн ажиллах

ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 - Р ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦОГЧ 151 ТӨЛӨӨЛӨГЧИД

 

Мэдээ бэлтгэсэн: Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ж.Ичинхорлоо

 

 

Мэдээ оруулсан: 2018-03-09 15:15:16