ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
ЕБС-ийн захирлын сонгон шалгаруулалтын зар

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ  АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

         Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн Дорнод аймгийн Баян-Уул, Матад сумдын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

               Баян-Уул, Матад сумдын сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  оршино.

·         Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна. 

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

·         Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

Ø  ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

Ø  ”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

Ø  “Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

Ø  ”Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2 давхарт 203 тоот өрөөнд  2018 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

      Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн  хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх/

·         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·         Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

·         Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

·         Ажил байдлын тодорхойлолт;

·         4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

·         Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;

·         Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Битүүмжилсэн байна/;

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

ДөрөвСонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

·         Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

·         2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд  доорх байдлаар зохион байгуулна. 

1.    Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд нь  зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/

2.    Ярилцлагын шалгалт /Хөтөлбөр, төслийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/

        Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

Баян-Уул, Матад сумдын сургуулийн захирлын  ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Багш

Мэргэшил

Боловсролын удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх

Туршлага

Ерөнхий боловсролын сургуульд:

-       Багшаар 5-аас доошгүй жил ажилласан байх

-       Сургалтын менежер болон түүнээс дээш албан тушаалд ажиллаж байсан

-       Багшлах болон боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх

Ур чадвар

1.         Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх

2.         Ёс зүйн болон харилцааны соёлтой байх

3.         Мэдээлэл боловсруулах

4.         Асуудал шийдвэрлэх

5.         Судалгаа, шинжилгээ хийх

6.         Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах

7.         Бусдыг манлайлах

8.         Багаар ажиллах

 

 

Тусгай шаардлага

Сургуулийнхаа хэв шинж, онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

 

 

·         Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 7058-3674, 8957-8688 дугаарын утас, Төрийн албаны зөвлөлийн  www.csc.gov.mn вэб сайтаар тус тус авч болно.

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах

эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-тай танилцаж,  бэлдэнэ үү.

 

ХАРИЛЦАХ ХАЯГ: Дорнод аймгийн Боловсрол, урлагийн газар

                                          203 ТООТ ӨРӨӨ, УТАС: 70583674, 89578688

Мэдээ оруулсан: 2018-01-25 16:06:26